2023/09/17 / Үйл явдал

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлээр шалгарав.

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. 

Уг уралдааны хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 2020 оны 7 сарын 31-нд “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцсан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн билээ.  Уг бүтээлүүдийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. 

Нийт 55,823 иргэн санал өгсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна. Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгарсан.

Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын  гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм. 

Мэдээний эх сурвалж: 

https://ikon.mn/n/1yae?fbclid=IwAR1QpXZkol3gJs02rEJekwggf6SXlmOaRslBz_taTEIe6pdNvX5MsrnQkUk