2024/03/22 / Үйл явдал

"MGL E&C" ХХК БНХАУ-ын хамгийн том барилгын судалгааны хүрээлэн /CABR/-тэй хамтран ажиллах гэрээ байгуулав

 

ТҮҮХЭН ТОВЧОО: БНХАУ-ЫН БАРИЛГЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН /CHINA ACADEMY OF BUILDING RESEARCH-CABR/

БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/ нь 1953 онд БНХАУ-ын Барилгын яамны харьяанд байгуулагдаж байсан бөгөөд 2000 оноос төрийн байгууллагаас технологид суурилсан аж ахуйн нэгж болон Төрийн өмчийн харьяанд шилжиж, БНХАУ-ын барилгын салбарын хамгийн том цогц судалгааны  хүрээлэн болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус судалгааны хүрээлэн нь Канад, Америк, Япон Сингапур, Герман зэрэг дэлхийн 15 оронд судалгаа шинжилгээний 20 гаруй институт болон 30 гаруй үйлдвэрүүдтэй түншлэн хамтарч ажилладаг бөгөөд БНХАУ-даа төдийгүй олон улсын томоохон төслүүдийг хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай хамт олон юм.

CABR нь улс орон даяар барилгын салбарт шаардлагатай нийтлэг, үндсэн болон олон нийтийн техникийн судалгааг боловсруулах, төслийн суурь судалгаа, шинжилгээнд тулгуурлан инженерийн салбарт тулгарч буй гол техникийн асуудлуудын шийдлийг гаргах, дэвшилтэт технологи болох BIM-ийг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтад хяналт тавих, чанарын стандарт шаардлагыг боловсруулах, сайжруулах чиглэлд ажиллаж, БНХАУ-ын барилгын болон бүтээгдэхүүний гол стандартыг боловсруулах тэдгээрийн хэрэгжилтийг хянах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

CABR-ийн судалгааны ажил болон үйл ажиллагаа нь хот төлөвлөлтийн судалгаанд суурилсан ухаалаг хот төлөвлөлт, барилга байгууламж, газар доорх бүтээн байгуулалт, метро, зам тээвэр, гүүр, буурь хөрсний суурийн судалгаа, барилга бүтээцэд нөлөөлөх байгалийн хүчин зүйлүүд болох газар хөдлөл, салхи, ус чийг, барилгын хийцийн галын тэсвэрлэлт болон барилгын дотоод орчны физик үзүүлэлтүүдийн судалгаа зэргийг бодит байдлаар туршиж шинжлэх, барилгын материал үйлдвэрлэл, хөгжүүлэлт зэрэг 70 салбарыг хамардаг бөгөөд одоо хүлэмжийн хийг бууруулах шийдэл технологи, байгальд ээлтэй ногоон барилга, барилгын материалын судалгаа хөгжүүлэлт, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гамшгаас урьдчилан сэргийлэх болон багасгах арга техникийн талаар судалгаа хийж, технологи боловсруулах тал дээр түлхүү ажиллаж байна.

Компанийн мэдээллийг (cabr.com.cn)

АЛБАН ЁСНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Энэ оны 11 сарын 22-ны өдөр Монголын Барилгын зураг төслийн “MGL E&C” ХХК нь БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/- тай албан ёсны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал болон өнгөрлөө.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Барилгын зураг төслийн “MGL E&C” ХХК нь нийт 24 архитектор, инженерүүд бүхий баг хамт олон БНХАУ-ын Бээжин хотод байрлах CABR-ийн төв оффис, үндсэн лабораториуд, туршилтын үйлдвэрүүд болон тэдний хийж хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй газар дээр нь очиж танилцлаа.

Тус уулзалтаар Монголын барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн гаднын туршлага дээр тулгуурлан засаж, сайжруулах, тэдний чанар стандартыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандарттай уялдуулах боломжийг судлах, цаашид Монголд хэрэгжих төслүүд дээр хамтарч ажиллах талаар хэлэлцэв.

Монголын Барилгын зураг төслийн “Эм Жи Эл И Эн Си” ХХК нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, барилгын иж бүрэн ажлын зураг төслийг олон улсын дэвшилтэт технологи болох BIM-REVIT программыг 100% ашиглан Монголд хэрэгжиж буй томоохон барилгын зураг төслүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Тус компани нь Монгол улсын зөвлөх архитектор, инженерүүд, 12 мэргэшсэн архитектор, инженерүүд болон гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай сурч төгссөн нийт 50 гаруй мэргэжлийн боловсон хүчин бүхий хамт олон болж өргөжин тэлсээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. 

БИДЭНД ОЛДОЖ БУЙ БОЛОМЖ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй олон улсад эрчимтэй хөгжиж буй онцгой төвөгшил бүхий өндөр барилга, газар доорх байгууламж, метро, зам гүүр, томоохон үйлдвэрийн барилга байгууламж болон орчин үеийн хот төлөвлөлт зэрэг олон ажлын хүрээнд хөгжингүй улс орны туршлага, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, чанарын стандарт, аюулгүй байдлын туршилт, тест зэргийг гаднын компани, экспертүүдээр дамжуулан өндөр өртөгтэй хийдэг байсан бол уг хамтын ажиллагааны тусламжтайгаар энэхүү их зардлыг бууруулах боломж олдож байгаа билээ.

Уг санамж бичгийн хүрээнд эхний ээлжид Монгол улсад баригдах онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах, инженерийн шийдэл, арга аргачлалаар хангах цаашлаад зургийн чанар стандартыг сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан нь барилгын салбарын архитектор, инженер техникийн ажилчид БНХАУ-ын барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага, ур чадварыг дэргэдээс нь суралцах үүд хаалга нээгдэж байна.

Тус уулзалтын үеэр БНХАУ-ын Барилгын судалгааны хүрээлэн /CABR/ нь Монголын барилгын салбар, тэр дундаа барилгын зураг төслийн салбарын хөгжлийг сайжруулах тал дээр цаашид хамтарч, дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд хэтийн зорилгодоо  хот төлөвлөлт, дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийг бууруулах ОУ-ын конвенц, барилга бүтээн байгуулалтын салбарын судалгаа, барилгын чанар стандартыг сайжруулах, инженерийн шийдэл, арга аргачлалыг боловсруулах  цогц судалгааны институт лабораторийг Монголд бий болгох болон Монголын барилга бүтээн байгуулалтын салбарын хөгжлийг олон улсын чанар стандартад нийцүүлэх томоохон ажлын үндсэн суурь тавигдаж байгааг онцолж байлаа.

Мэдээний эх сурвалж:

https://ikon.mn/n/30x8