2024/03/21 / Ярилцлага

Ярилцлага #01 М.Энхтамир

Намайг Энхтамир гэдэг. 2021 онд Япон улсын Киотогийн
технологийн их сургууль болон Шинжлэх ухаан технологийн
их сургуулийг хамтарсан хөтөлбөрөөр Архитектур мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо мэргэжлээрээ 2 дахь жилээ ажиллаж байна.
ШУТИС-д 2016 онд элсэж ороод 2019 онд Япон улсад суралцахаар явсан. Монголд байх хугацаандаа ер нь нэлээн барилгын эзлэхүүн, хийц бүтээц, инженерийн ойлголттой болсон. Архитектурыг урлаг талаас нь суралцаж, мэдрэмжээ илүү сайжруулахыг хүссэн учираас Киотогийн технологийн их сургуулийг сонгож суралцахаар шийдсэн. ШУТИС нь архитектурын дизайн, урлаг суурьтай сургууль болохоор гараар зурах, санаагаа илэрхийлэх туршлагатай болсон маань давуу тал болж Японд байгаа оюутнуудаас илүү чадвартай байсан. Гэхдээ санаа нь чухал болохоор заавал ийм тийм байх ёстой гэсэн зүйл байхгүй өнгийн харандаагаар ч юм уу, хамаагүй санаагаа илэрхийлэхэд л болдог.

Японы сургуулиудын онцлог нь хотынхоо түүхээс хамаардаг санагдсан. Киотогийн технологийн их сургууль нь Японы эзэн хаан олон жил амьдарч байсан түүхэн Киото хотод байршилтай. 3 сая хүн амтай хотоо тойроод уултай манай Улаанбаатар шиг. Тэнд 5 давхраас дээш барилга барьдаггүй болохоор хотын аль ч хэсгээс хотыг тойрсон уул, модод харагдаж байдаг нь хотын гол онцлог болдог. Барилга барих талбай бага учир одоо байгаа барилгыг нураах уу эсвэл сэргээн засварлалт хийх үү, хотын жижиг хэсгийн үнэ цэнэ болон хэрхэн хүнд хэрэгтэй орон зайг бий болгох зэрэг асуудлыг шийдэх төлөвлөлтийг түлхүү хийдэг.

Киото хот болон ойролцоох хотуудын хамгийн сайн архитекторууд ирж хичээл заадаг. Ихэнх багш нар олон жил ажилсан туршлагатай гэхээс илүү яг карьерынхаа ид үе дээр явж байгаа амжилттай залуу архитекторууд байсан нь чөлөөтэй сэтгэлгээ, санааг илүү дэмжсэн олон төрлийн мэдлэгийг тэднээс авах боломжтой. Бас нэг чухал санагдсан зүйл гэвэл багш нар хэзээ ч оюутны ажлыг зөв, буруу, энэ болохгүй гэдэггүй. Буруу байж болно гэхдээ зөв зүг рүү хэрхэн чиглүүлэх вэ гэдэг тал руу нь л зөвлөдөг. Хувь хүн, багш болон архитектор хүний хувьд ч гэсэн энэ чанар нь үнэ цэнтэй зүйл мөн гэж бодож байна.

Хичээлийн явцын хувьд японд 3-р курсээсээ очоод нэг жил ангиараа хичээл үзээд 4-р курсээс лабораториудад хуваагдаж хичээллэдэг. Шугам сүлжээний инженер, барилгын инженер, орон зайн төлөвлөлтийн, концепц дизайны, түүхийн судалгааны, сэргээн засварлалтын лаборатори гэсэн 6 лабораториудтай. Би орон зайн төлөвлөлтийг сонгон суралцсан.
Орон зайн төлөвлөлт нь шууд барилга төлөвлөхгүйгээр жишээ нь хотын тодорхой жижиг хэсэг, өмнө нь үнэ цэнтэй түүхэн өв байсан эвдэрсэн гүүр зэргийг сонгож аваад хэрхэн хүнд хэрэгтэй орчин болгох вэ гэх мэт судалгааны ажил хийдэг. Нэг ангид 130 хүүхэдтэй. Бараг 20 багш орж ирээд 6-7 оюутнуудыг хувааж аваад багаараа ширээ тойрч суугаад хичээл явагдана. Төслийн төгсгөлд багаас нэг нэг хүүхдийг сонгож аваад шилдэг санаа, төслийг тодруулах танилцуулга хийгдэнэ. Тэнд дээд курсийн ах эгч нар сууна, хичээл дээр ч гэсэн ирж зөвлөгөө өгч ярилцаад бүгд л бие биенээсээ суралцаж явдаг нь гоё байсан. Өөрөө 4-р курс болоод 3-р курсийнхээ хүүхдүүдтэй бас хамт суугаад архитектурын тухай ярилцаад л явна.

Өмнө нь архитектор хүнийг бодохдоо мэдрэмж дээр суурилсан, төрчихсөн хүн байдаг ч юм шиг ойлгож явсан. Харин тэнд сурах хугацаандаа ул суурьтай ярих ёстой юм байна, төлөвлөлт гэдэг нь мэдрэмжээс гадна судалгаа, систем яваад байгаа юм байна гээд олон зүйлсийг сайн ойлгож авсан.

Хэцүү бэрхшээлтэй байсан зүйл гэвэл энд сурч байхдаа шахуу програмтай байсан болохоор энгийн оюутнууд шиг төвлөрөх боломж байгаагүй санагддаг. Архитектор болох зорилготой биш бараг Япон явах нь илүү чухал юм шиг. Харин тэнд очоод эхэндээ мэргэжлийн үг хэллэг ойлгохгүй байна уу гэхээс бусдаар ер нь л хэлний бэрхшээл багатай, хичээлээ сайн ойлгодог, сурахад хэрэгтэй нөхцөл боломж бүрдсэн орчинд очсондоо.

2021 онд төгсөөд MGL E&C зураг төслийн компанид ажилсан.Монголд 2 жил, японд 2 жил сурсан, одоо ажиллаад бас 2 жил болж байгаа. Компанийн хийж байсан төсөл, дизайн чөлөөтэй байгаа нь таалагдаад л анх орохоор шийдсэн. Анх интерьерийн концепц хийх болоод хийж байхдаа энэ хана яаж тогтох юм бол, ер нь худлаа зүйл хийгээд байна уу гээд эргэлзэх зүйл ихтэй байсан. Дараа нь ажлын зургийн хийсэн чинь нарийн хийц, хэсгүүдийг ойлгоод илүү утга учиртай болж эхэлсэндээ .Тэгээд л багаас нь үндэс суурьтай сураад явъя л гэж бодоод ажлын зургийн багт орж ажиллаж эхэлсэн. Ажлын зураг бүх хорших инженерүүдтэй харилцах ёстой, харин би өөрөө олон хүнтэй өмнө нь ажиллаж байгаагүй болохоор эхэндээ бэрхшээлтэй байсан. Одоо ажлаа илүү ойлгоод, дасаад сайжраад л явж байна даа.