2025/11/04 / Ярилцлага

Ярилцлага #06 Б.Эрдэнэжин

 

Энэхүү буландаа бид уншигчдадаа аль болох бодит байдлыг хүргэхийг зорин архитектур, инженер мэргэжлээр ажиллаж буй тэдний адал явдал, түүх, үзэл бодол, хуримтлуулсан туршлагын тухай нийтлэлийг бэлтгэлээ.

MGL E&C компаний анхны бүрдлэхүүний гишүүн 2017 оноос хойш мэргэжлээрээ  хамтран ажиллаж байгаа мэргэшсэн архитектор, Ахлах Архитектор Б.Эрдэнэжин-тэй архитектур төлөвлөлт тэр дундаа ерөнхий төлөвлөлт, ажиллах арга барилын талаар  яриа өрнүүллээ.

Ta одоогоор ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
Одоогоор голчлон эскиз зургийг ажлын зурагт хөрвүүлэх тэдгээрт талбайн хяналт хийх ажлуудад оролцоод явж байна. Харин төслийн хувьд оффис, орон сууц, үйлдвэрийн зориулалттай цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлт болон өндөр барилга гээд тодорхой тооны ажил дээр ажиллаж байна.

Олон төсөл дээр зэрэг ажилласнаар ямар давуу болон сул тал гардаг вэ?
Хэд хэдэн төсөл дээр зэрэг ажилласнаар төслийн менежмент, багийн менежмент, захиалагч гүйцэтгэгч зэрэг олон талуудтай харьцах тэдгээрийг уялдуулах чадварууд шаарддагаас гадна өөр өөр зориулалтын төсөл дээр богино хугацаанд туршлагажаад суралцаад явах боломжтой санагддаг. Сул талын хувьд төслийн хугацаа сунах эрсдэлтэй байдаг.

Таны хийдэг ажлын онцлог юу вэ? Төлөвлөлт хийхдээ юунд илүү анхаарч ажилладаг вэ?
Миний ажлын онцлог нь захиалагч, хэрэглэгч, гүйцэтгэгч, талуудын ашиг сонирхол санхүү цаг хугацаа зэрэг хүчин зүйлүүдэд уялдуулан олон талт төлөвлөлт тооцооллыг урьдчилан гаргахад оршдог. Заримдаа боломжгүй зүйл хүсэх тохиолдол гарахад мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж, боломжит хувилбарыг санал болгох нь манай мэргэжлийн хувьд илүү чухал. Учир нь захиалагч талаас санхүү төсөв гаргаж байгаа хэдий ч эцсийн дүнд хэрэглэгчид /оршин суугч, үйлчлүүлэгч, бизнес эрхлэгч/ хүрэх тул зайлшгүй мөрдөх стандарт норм дүрмийг баримтлах тал дээр анхаарч ажилладаг.
Одоогоор ажлын чиг үүргээс хамаарч барилгын өндөржилтийг чухалчилж ажиллаж байна. Учир нь сүүлийн үед тулгамдаж байгаа цаг уурын нөхцөл байдал /үерийн усанд барилга автах эрсдэл/ тэгш бус талбайд газар олголтод уялдуулан барилга төлөвлөх шаардлагатай болоод байгаа. Үүнийг энгийнээр тайлбарлавал барилгын 0.00 түвшнийг зөв тогтоох нь газар шорооны ажил болон барилгын суурийн зардлыг бууруулах боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болгодог. Нөгөө талаас барилгын 0.00 түвшнийг хэрхэн тодорхойлсноос шалтгаалж архитектурын орон зай, хөдөлгөөний хувьд гадна довжоо, пандусны шийдэл яригддаг чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл 0.00 түвшин өндөр байвал шат их гарах ба архитектурын зохистой шийдэлгүй бол гадаад үзэмж талаасаа болон хэрэглээ талаасаа ашиглахад хүндрэлтэй байдал үүсэх талтай. Пандус ч мөн адил түвшнийг хэрхэн тодорхойлсноос хамаарч зай нь ихсэж багасна. Явган болон автомашины хөдөлгөөн барилга руу хандах аксесс 1-р давхар, эсвэл зоорийн давхартай яаж холбогдох нь ч бас маш чухал учраас энэ талаас их анхаарч ажилладаг.


Эдгээр ажилбаруудыг одоогоор Revit программ дээр туршаад хөгжүүлэлт хийгээд явж байна. Энэхүү программ нь зургийн явцад бусад төслийн мэдээллийг 3D орчинд нэгтгэж, алдаа багатай, нарийвчилсан зураг гаргахад илүү тус болдог. Жишээ нь шугам сүлжээний нэвтрэлцэл, түвшний хэмжээ, хоолойн диаметр зэрэг нь бодит хэмжээсээр харагддаг тул угсралтын явцад давхцал үүсэх эрсдэлийг бууруулж, зураг төсөл талбай дээр 80%-90% шууд хэрэгжих давуу талтай гэж харж байна. Мөн ажлын тоо хэмжээ, газар шорооны ажил гэх мэт тоон мэдээллийг зураглалын эхэн үед шууд гаргаж өгдөг нь захиалагчдад маш их давуу тал болдог.

Эцэст нь өөрийн туршлага дээрээ үндэслэн мэргэжил нэгт залуустаа өгөх зөвлөмж, өөрийн бодлоо дүгнэвэл. . .
Төлөвлөлт хийхэд хөдөлгөөний урсгал, галын гарц, инженерийн шийдэл, гоо зүй гэсэн дарааллаар хийвэл барилгын норм стандартын дийлэнхийг нь хангачихдаг юм шиг санагддаг. Мөн дээр нь манай нөхцөлд бага төлөвлөлтийн талбайд их зүйл багтаах шаардлага тулгардаг тул ухаалаг төлөвлөлт хийх, налуу газар релефийг орхигдуулалгүйгээр эскизийн шатанд гол шийдлийг зөв гаргах нь цаашдын зургийн явцыг хөнгөвчилдөг. Бас бид бүхэн алдаагүй зураг хийх гэхээс илүүтэй инженер, захиалагч, гүйцэтгэгчтэйгээ зөвшилцөөд, үүсэх эрсдэлтэй асуудлууд дээр гол шийдлийг боловсруулж санал болгох нь бидний ажлын үндсэн үүрэг. Барилгын салбарт ганцаараа бүгдийг хийх боломжгүй. Тиймээс олон талуудтай хамтарч зөвшилцөх, мөн технологийн дэвшлийг ашиглах, түүнийг үр ашигтай хэрэглэх нэвтрүүлж ажиллах нь цаашдаа энэ салбарын мэргэжил нэгт залууст илүү чухал байх болов уу гэж бодож байна.